
Хоолны ширээ бол зүгээр нэг тавилга биш. Энэ бол гэр бүлийнхэн өдөр бүр цугларч, ярилцаж, хооллож, баяр тэмдэглэдэг орон зай. Тиймээс зөвхөн “гоё харагдаж байна” гэдэг шалтгаанаар сонголт хийх нь хангалтгүй. Хэмжээ, материал, тух, амьдралын хэв маяг гээд олон зүйлийг бодолцох хэрэгтэй.
1. Хэмжээ бол хамгийн чухал шалгуур
Юуны өмнө өрөөнийхөө хэмжээг бодитоор хэмжих хэрэгтэй. Ширээ хананд тулчихаад, сандал нь ардаа зайгүй шахцалдах нь хамгийн нийтлэг алдаа. Хоолны ширээний стандарт өндөр ихэвчлэн 72–75 см байдаг. Нэг хүнд ойролцоогоор 60 см өргөн зай шаардлагатай. Мөн ширээний эргэн тойронд доод тал нь 80–90 см сул зай байж гэмээнэ суух, босоход тухтай байна. Хэдэн хүн тогтмол суух вэ гэдгээ бас тооцоол. 2–4 хүнтэй бол 80–120 см урт ширээ хангалттай. 4–6 хүнтэй бол 120–160 см урт тохиромжтой. Хэрэв зочин байнга ирдэг бол сунгадаг ширээ практик шийдэл болдог.
2. Материалын сонголт урт хугацаанд нөлөөлнө
Ширээний материал зөвхөн өнгө үзэмж төдийгүй, арчилгаа болон эдэлгээнд шууд нөлөөлдөг. Массив модон ширээ дулаан мэдрэмжтэй, бат бөх ч зураас амархан гарч болдог. MDF болон шахмал хавтан нь илүү хямд, олон загвартай ч ус чийгнээс хамгаалалт чухал. Шилэн ширээ цэвэрхэн харагддаг ч хурууны мөр, толбо их харагддаг. Чулуун буюу marble гадаргуу тансаг боловч хүнд, үнэтэй. Өөрийн амьдралын хэв маягтайгаа уялдуулж сонгох нь хамгийн зөв шийдвэр.
3. Сандлын тухыг заавал шалга
Сандал бол зүгээр суух хэрэгсэл биш — тухтай эсэх нь хооллох мэдрэмжид хүртэл нөлөөлнө. Сандлын суудлын өндөр ширээнээс ойролцоогоор 25–30 см намхан байх ёстой. Нуруу бага зэрэг налуу байвал илүү тухтай. Хэрэв та удаан сууж ярилцдаг, кофе уудаг бол зөөлөвчтэй суудал тохиромжтой. Харин бага насны хүүхэдтэй бол цэвэрлэхэд амархан бүрээстэй сандал сонгох нь илүү практик.
4. Гэр бүлийн хэрэгцээгээ бодолц
Хүүхэдтэй айл бол хурц булантай ширээнээс зайлсхийх хэрэгтэй. Дугуй эсвэл бөөрөнхий булантай загвар аюул багатай. Жижиг байртай бол дугуй ширээ зай хэмнэдэг. Гэрийн тэжээвэр амьтантай бол даавуун бүрээс амархан бохирдож магадгүйг тооц.
5. Загварын зохицол
Ширээ, сандал нь гал тогоо болон зочны өрөөний ерөнхий өнгө төрхтэй зохицох хэрэгтэй. Шал, ханын өнгө, гэрэлтүүлэг, бусад тавилгатайгаа уялдаж байвал орон зай илүү цэгцтэй, таатай мэдрэмж төрүүлнэ.
Гоё харагдах нь чухал хэдий ч өдөр бүр ашиглахад тухтай байх нь бүр ч чухал шүү!